Зургийн цомог

1.08.2024

Ардын сайхан сургааль

Аавын бийд сахал тавьдаггүй
Агтны дэлэнд хутга хүргэдэггүй
Алсын замд цаг товлодоггүй
Амрагийн явдалд хөндлөнгөөс ордоггүй

Буурал өвөгдийн дээр суудаггүй
Бусдын хэргийг ганцаар шүүдэггүй
Буцах шувуудын цувааг тоолдоггүй
Бурханы дэргэд хараал хэлдэггүй

Ихэдсэн зовлонд орондоо уйлдаггүй
Илүүдсэн жаргалд орондоо дуулдаггүй
Идсэн хоолоо дутуу орхидоггүй
Иртэй талаар хутга дамжуулдаггүй

Маанийн ажилд малгай тавьдаггүй
Малын бэлчээрт бой хийдэггүй
Махны хольцонд сүү ордоггүй
Мандах наранд ус өргөдөггүй

Нагацын дэргэд дал барьдаггүй
Настны дэргэд сархад хүртдэггүй
Найрын хойморт энгэр задгайлдаггүй
Наадмын даваанд тооцоо ярьдаггүй

Цайны шаарыг галд хийдэггүй
Цагаан идээнд цус хольдоггүй
Цацлын идээг доош өргөдөггүй
Цаг голлоход замд гардаггүй

Ардын сайхан сургааль минь
Аялгуу төгс хөгжим юм
Ашдын сайхан ерөөл нь
Амандаа унших тарни юм

Японы зэн философийн 7 гол зарчим

 1. Oubaitori
Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Хүн бүр өөр өөрийн зам мөрөөр явж, цаг нь болохоор цэцэглэдэг.

2. Kaizen
Тасралтгүй өсч дэвш. Жижиг алхамаар том өөрчлөлтөд хүрдэг.

3. Wabi-Sabi
Төгс бус байдлаа хүлээн зөвшөөр. Юу ч үүрд биш бас бүрэн байх албагүй, өөрийн болон бусдын өө сэвийг хүлээн зөвшөөрч төгс бус байдлаас төгс төгөлдөрийг олж харж сур.

4. Gaman
Хүнд нөхцөл байдалд орсон ч ёс суртахуун, итгэл үнэмшлээ бүү худалд. Аливаад сэтгэлийн хөдөлгөөнөөр бүү ханд, ямар ч нөхцөл байдалд тэсвэр хатуужил, шаргуу зүтгэлээ бүү гээ.

5. Ikigai
Амьдрах учир шалтгаанаа мэдэж ав. Өглөө босох урам зоригоо юунаас авч байгаагаа, юунд тэмүүлж байгаагаа үргэлж тодорхойлон харж бай.

6. Shikata ga nai
Хүлээн авч бас явуулж сур, Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж бүү хүчил. Өөрчилж чадахгүй зүйлсийг тавьж явуул.

7. Shu Ha Ri
Шавь бэлэн болох үед багш бэлэн болдог, шавь бэлтгэгдсэн үед багш алга болдог. 

Мэдлэгийг олж авах 3 үе шат байдаг.

  • Shu  - Энгийнээс эхлэн суралцах, даган дууриах маягаар багшаас суралцах
  • Ha - Сурснаа дадал болгох, хэрэгжүүлж эхлэх
  • Ri - Өөрийн арга барилд оруулан сурснаа шинэчлэх, нөхцөл байдалд тохируулан хөрвөх чадварыг олж авах