Зургийн цомог

9.29.2013

Ертөнцийн гурвууд

ЦЭГЦ
Сая буусан бэр нэг цэгц
Нуурт суусан нугас нэг цэгц
Хүлэг морины дэл нэг цэгц

ЦЭМЦГЭР
Үүлээ хөөсөн тэнгэр нэг цэмцгэр
Үнсээ гаргасан тулга нэг цэмцгэр
Үсээ самнасан авгай нэг цэмцгэр

ЦООХОР
Өндөг харагчийн нүүр цоохор
Өвөл цагийн уул цоохор
Үлдээж уншигчийн мэдлэг цоохор

ЧИМЭГ
Сайхан хүүхэн гэрийн чимэг
Сайн морь эрийн чимэг
Сагсгар мод уулын чимэг

ЯНАГ
Баян хүнд худалдаачин янаг
Бааран хүнд нохой янаг
Ховч хүнд ноён янаг

ХАГАС
Унтах гэдэг үхэхийн хагас
Унгах гэдэг бол баахын хагас
Уурлах гэдэг галзуурахын хагас

ХАЙРАН
Учир мэдэхгүй хүнд үг хайран
Үнэр мэдэхгүй хүнд зандан хайран
Үзээд мэдэхгүй хүнд эд хайран

Алсан малын цус нэг улаан
Алаач хүний ганзага нэг улаан
Хадтай газрын үнэг нэг улаан

Ертөнцийн гурван хөх юу вэ?
Уудам дэлхийн тэнгэр нэг хөх
Унтрах галын дөл нэг хөх
Урсах голын ус нэг хөх

Ертөнцийн гурван хар юу вэ?
Цасанд мөр нэг хар
Цаасанд бичиг нэг хар
Зарганд үг нэг хар

Дэнгүй байшин нэг хар
Дэвүүргүй будаа нэг хар
Сүүгүй цай нэг хар

Тостойгоос тогоо нэг хар
Билэгтэйгээс бэх нэг хар
Амттайгаас архи нэг хар

Ертөнцийн гурван харанхуй
Номгүй бандийн цээж нь нэг харанхуй
Хоньгүй айлын хот нэг харанхуй
Хойшоо харсан нүх нэг харанхуй

Үүрдийн харанхуй
Үдшийн харанхуй
Үхэхийн харанхуй

Тагт ургасан арц нэг ногоон
Тайгад ургасан хуш нэг ногоон
Талд ургасан зээргэнэ нэг ногоон

Ертөнцийн гурван шар юу вэ?
Эрдэнэд алт нэг шар
Эдэнд жанч нэг шар
Идээнд уураг нэг шар

Шаагьж хурдаг шашин нэг шар
Шарлаж харагддаг алт нэг шар
Огторгүйд байдаг нар нэг шар
Орчлонд байдаг дэлхий нэг шар

Ертөнцийн гурван улаан юу вэ?
Жавартай тэнгэрийн хаяа нэг улаан
Жаргалтай хатны хацар нэг улаан
Жартгай хүний нүд нэг улаан

Жалганд ургасан сухай нэг улаан
Жаварт гүйсэн үнэг нэг улаан
Зуудаг нохойн жавьж нэг улаан

5 comments: