Зургийн цомог

1.14.2013

П.Адарсүрэн гэж хэн бэ?

Пэлжээгийн Адарсүрэн гэж хэн бэ? Нэгэн цагт их тод гэрэлтэж байгаад, харваад алга болсон ГЭРЭЛТ ОД юм.

Ням гариг. Амралтын өдрийн эхлэл. Өнөө өглөө босоод, цайгаа уунгаараа интернет ухаж байтал санаандгүй П.Адарсүрэн гэгч хүний дуулсан "Сэвтээ нь үгүй сэтгэл" гэгч дууг сонслоо. Бага байхдаа өвөөтэйгөөн хотын гудамжаар алхалж явах нь ээ түүнтэй таарч, миний өвөг түүнийг дуучин Адраа гэдэг юм гэсэн нь санаанд орлоо.  Ямар сайхан дуу вэ? Үнэхээр нутгаасаа хол байгаад ч тэр үү, хамрын самсаа ширхирна гэгч нь болж, бага нас нүдний өмнүүр үзэгдэн өөрийн эрхгүй нулимс цийлэгнэлээ. Мөн тэр хүний сэтгэл хэр зэрэг "сэвтэйгээр" энэ амьдралаасаа хагацсан бол доо гэж бас бодогдсоныг нуух юун. Угийн ухаж, төнхөх дуртай сониуч зан минь хөдөллөө.

Энэ хүний намтар түүхийг Интернет гэгчээс хайгаад олсонгүй. Амьд ахуй цагтаа дуулж явсан дуунууд нь өнөөг хүртэл хүмүүсийн сонсох дуртай, чихэнд сонсголонтой сайхан дуунууд байх юм. Энд тэндхийн комментуудыг уншаад байх нь ээ "гоц", "давтагдашгүй", "төрөлхийн авъяас", "агуу" гэх мэтчилэнгээр бичсэн байгаа нь үнэхээр явъяастай хүн юм. Мөн Өмнийн говь нутагт айлчлан тоглож байхад нь "Тэмээн дээрээс наран ойрхон" гэх дууг нь 9 удаа дахиулан дуулуулсан гэх домог мэт яриаг ч уншлаа. Түүний дуунуудынх нь ч линкийг, үгтэй нь хамт блогтоо байрлууллаа.

Гэтэл яагаад түүний талаарх намтар, амьдралын замнал, зан араншин, нийгэмд эзэлж байсан орон зайны талаар нэг өгүүлбэр олж чадсангүй вэ?

Дэд хурандаа С.Зэсэндүйчир гэгч нь түүний талаар: "Таашаалтай сайхан хоолойгоороо ард түмнийхээ сонорыг мялааж явсан дуучин маань “Алтай хангайн уулс”-ынхаа дунд алдарт “Улиастайн гол”-ынхоо нэгэн салбар бяцхан Ширээгийн эрэг дээрх “Хадат ухаа”-д “Намрын өнгө” налайсан тэр нэгэн “Гэгээн жаргалын өргөө”-нд “Малчнаараа торойсон”, “Амар түвшин” монгол айлд “Алиман ертөнцийн саран” дор “Малчны нөмөр”-т хүү нь болон мэндэлж, “Ээжийнхээ хайраар” бойжиж, “Сүргийн дэргэд”-ээс “Ургацын өргөн зам”-аар “Шижиртэн найгах тариа”-г бахдан “Намартаа баясан” эргэх “Дөрвөн улирал”-аас “Энх улирал” нь гоцлон аялж “Дуучин бүсгүй”-н хамт хууч домог арвинтай “Хулсан ташуур”-ыг хамтран хөглөж, “Сэвтээ нь үгүй сэтгэл”-ээ “Мөрөөдлийн дуу”-гаараа илэрхийлж “Хувиршгүй сэтгэл”-ээрээ “Замдаа мэнд яваарай” хэмээн ерөөж яваа ая дууны “Жинчин” маань “Аргагүй амраг”-тайгаа “Миний нийслэл”-дээ амьдран, ач үрс өнөр өтгөн болж “Бүжинхэн туулай”-гаа аялуулж явсан манай урлагийн од П.Адарсүрэн маань байхгүй мөртлөө дуутайгаа бидний дунд “амьдарч” байгаа билээ." гэж бичсэн байх юм. Үнэхээр л Монголчуудынхаа дунд дуугаараа л танигдаж, дуугаараа л мөнхөрсөн гэдэг нь харагдаж байна. 

Ямар ч төрийн том гавъяа, шагнал авч байгаагүй түүнийг нэгэн сайтад гавъяатуудын жагсаалтанд оруулсанд, би үнэндээ баярлаж байна. Тэндээс эхнэрийг нь А.Гантогтох гэгч Гавъяат багш байдгийг мэдлээ. Өнгөрсөн зууны 70-аад оныхноос өмнөхүүд бараг бүгд л түүнийг мэддэг, хотынхон бараг бүгдээр л гумдамжинд тааралдаж, харж л байсан шүү дээ. Хөөрхий хатуу сархадыг хүртсэн, түүнээсээ хараат болсон байдалтай, хаа нэгтээ дуугаан дуулаад л явж байдаг байж билээ.  Гэвч чухам яагаад түүний алдаж, онож явсан амьдралынх нь талаар ийм жаахан мэдээлээл ард түмний дунд байгаа юм гэдэгт гутарч явна. Үнэндээ интернетээс түүний гэгээн дүрийг зөвхөн 1 бичлэг, 2 ширхэг зурагнаас л олж харлаа. Гэтэл тэр хүнийг ийм зам руу түлхэж оруулсан нь түүний Монгол ард түмэн нь шүү дээ.

Энэ хүнтэй ойр амьдарч, ажиллаж байсан хүмүүс яагаад түүний амьдралынх нь талаар  ард түмэндээ дэлгэхгүй, таниулахгүй байгаа юм бэ. Урлаг судлаач, түүх судлаач, сурвалжлагч, эрэн сурвалжлагч нар гэж байдаг бол, хэрэв байгаад ажлаа хийж байгаа бол түүнийг амьдралын түүхийн талаар ном бичих цаг нь болоогүй юу. Тэгэхгүй бол ирээдүй хойч үеийнхэн тань тэрхүү тодоос тод гэрэлтэй байсан ГЭРЭЛТ ОД хаана, хэзээ харвасныг нь мартдагтай адил мартах нь ээ.

GreeMn. 
2013 оны 1-р сарын 13-ны өдөр. Винтертур. Щвейцарь




Sources:
http://www.mongolinternet.com/famous/PeljeeAdarsuren.htm
http://bolor.blog.gogo.mn/read/entry450720
http://www.youtube.com/watch?v=ysU3v3QRaig&feature=youtu.be

No comments:

Post a Comment