"Чингис хаан" хамтлагийн бүхий л тоглолт, концертыг 40 шахам жилийн турш өндөрлүүлж, "хааж" ирсэн "Нарлаг Монгол орон" дууг уншигч эрхмүүдийн зарим нь мэдэх байх. Үзэгчид босож зогсон, хүндлэн сонсдог энэ дууны шүлгийг, Монголын Энхтайван найрамдлын хорооны нэрт зүтгэлтэн, Соёлын Гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, яруу найрагч, дипломатч Лувсандамбын Хуушаан гуай бичсэн юм. Түүнтэй би 1984 онд Их дэлгүүрийн зүүн талд байх гэрт нь очиж танилцан, сайхан дуу болох магадлалтай хэдэн хуудас шүлэг авсны дотор энэ, "Нарлаг Монгол орон" байсан даа. Хуушаан гуай бол Дэлхийн Энхтайваны хөдөлгөөн, Энхтайваны хорооны шугамаар бөмбөрцгийн 40 шахам улс оронд уригдан айлчилж, ёс заншил, шашин шүтлэг, хэл ус хамаарахгүйгээр эв нэгдэл, энхтайван амьдралыг дээдлэгч нартай нөхөрлөсөн, эрдэм мэдлэг ихтэй, олон хэл мэддэг, Архангайгаас гаралтай Монголын том сэхээтэн байсан сан. Кофе мастер гэж болох түүний найруулсан кофег, хэд хэдэн удаа тэднийд очих бүртээ амтлан уусаар, тэр олон төрөл зүйлийнх нь амт үнэрийн ялгааг, нэг юм багцаалдаг болж билээ. Ленинградын оюутан байхдаа би, босоо төмөр лаазтай, энэтхэг кофе л их уудаг байж. Монголоос хайрцгаар нь аваад, очоод орос найз нартаа бэлэглэнэ. Тэд их дуртай. Хачин юм шүү. Учир холбогдол давхацдаг юм цаанаасаа байна аа.
Кофе мастер Хуушаан гуайнхаа тухай бичиж суугаа яг энэ өдөр буюу, 2025 оны 10-р сарын 1-н бол Дэлхийн кофены өдөр юм гэдгийг мэдэж авлаа. 2014 оноос хойш жил бүрийн энэ өдрийг Олон улсын кофены нийгэмлэгээс Дэлхийн кофены өдөр гэж тэмдэглэж ирсэн юм байна. Сонин юм шүү. Ах минь амьд сэрүүн сэн бол энэ нийгэмлэгийн идэвхтэй гишүүдийн нэг байх байсан нь ойлгомжтой. Хуушаан гуай залуу насныхаа он жилүүдийн талаар сонирхолтой юм их ярина. Тэр их сайн хүүрнэгч, би их сайн сонсогч байжээ. Ах маань заримдаа яриандаа халдаг байсан уу надад, угсруулаад 3-н аяга кофе, хутгаад өгчихсөн удаа ч бий. Мартсанаас бид хоёрын хамтарч зохиосон бас нэг дуу бол, "Цэцэг" хамтлагийн урын санд 1986 онд орсон, "Зуслан юутай сайхан бэ" гэдэг дуу шүү. Одоо ч их дуулагддаг юм билээ. Хуушаан гуай одоо бодоход, ярианы асар өндөр соёлтой, харьцааны мэдрэмж сайтай хүн байжээ. Гэтэл арваад жилийн дараа танилцсан Хуушаан гуайн дүү, Л.Дашням эрхэм, ахаасаа ч илүү хүүрнэгч болоод явчихлаа. Арын сайхан хангайд төрсөн, гөрөөчид овгийн тэрээр Монгол ёс уламжлал талдаа, толгой цохих хэмжээний эрдэмтэн, судлаач, зохиолч, нийгмийн зүтгэлтэн, нэртэй сурган хүмүүжүүлэгч хүн гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрчихсөн л дөө. Өнгөрсөн 2024 онд тэрээр Монгол улсын Ардын багш цол хүртсэн нь олон зуун шавь нарыг нь баярлуулсан хэрэг байлаа. Бүр Ардчилсан хувьсгалын эхэн, 1990-1992 онуудад Ардын Их хурлын орлогч дарга хүртэл хийж үзсэн, 2001 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Иргэний зориг ногоон нам"-аас нэр дэвшиж явсан Л.Дашням гуайтай ярилцаж суухад сонин хачныг мөн ч их өгүүлнэ. Шинжлэх ухааны академийн Бага чуулганы гишүүн, хэд хэдэн хүрээлэн, их дээд сургуулиудын Эрдмийн зөвлөлийн дарга, жинхэнэ гишүүн, доктор, профессор тэрээр асар энгийн үгээр, намуухан дуугаар, утга төгс ойлгомжтой ярьж чаддаг. Энэ нь ямар ч хүнд итгэл төрүүлнэ. Боловсрол өндөр хүний бүхий л шинж чанар, энэ эрхэм хүнд байдаг юм. Түүний хэдэн арван зохиол бүтээл, бичгийн сан хөмрөг, эрдэм шинжилгээний ажил, хэвлүүлсэн ном судрын тухайд энд тоочиж бичих аргагүй. Тэртээ тэргүй бүгд, өөрийн сав намтрын ахуй хуудаснаа, тодоос тод бичээтэй байгаа. Судлагдаж байгаа. Одоо харин жаал түүх сөхье. Ах дүү хоёр 1960-аад оны эхээр хотод гэр орон үгүй байснаас яруу найрагч, орчуулагч Мишигийн Цэдэндоржийн хүнсний 20-р дэлгүүрийн зүүн хойно байх байрны нэг өрөөнд амьдардаг байжээ. Удалгүй ах Хуушаан нь Москва дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд атташе, 3-р нарийн бичгийн даргаар томилогдоод одож. Ердөө сарын дараа гэрийн эзэн Цэдэндорж найрагч, ЗХУ-д Лингвистийн дээд сургууль буюу Утга зохиолын шүүмжлэл судлалын их сургуульд (НГЛУ/ Институт имени А.М.Добролюбова) сурахаар бас явчхаж. Дунд сургуулийн төгсөх ангийн сурагч Дашням, Чихэр боовны үйлдвэрт ажилладаг хамаатан залуутайгаа тэдний нэг өрөөнд амьдарна. Харин нөгөө өрөөнд нь Цэдэндорж найрагчийн Дорнодоос авчирсан буриад басган Гүндэгмаа, гэрээ сахисан эзэгтэйн үүрэг гүйцэтгэн үлджээ. Хоёр залуу гэрийн эзэгтэйг харж хамгаалах үүрэг хүлээсэн байв. Гэтэл удалгүй сонин сонин явдал тохиолдож эхлэх нь тэр. Шөнө орой ялгалгүй хаалга үүдийг нь тогшиж, айл андуурсан болно. Огт мэдэхгүй хүн асууна. Онгорхой цонхоор нь бичиг цаас шиднэ. Хүүе хаая гэх том хүнгүй үлдсэнийг нь мэдээд, тэднийг элэг барьж байна уу гэлтэй юм болоод уджээ. Учир явдлын цаад учиг Гүндэгмаа бүсгүйд байжээ. Тэр хавийн залуус түүнийг, "Өвөөгийндөө ирсэн хөдөөний охин" гэж андуурч буруу ойлгосноос хамаг асуудал эхэлсэн болж таарчээ. Уг нь айлын эхнэр болоод ирчихсэн хүүхэн байгаад байдаг. Ядаж байхад өнөө Гүндэгмаа нь, хотын турь муутай жижигхэн охидын хажууд, үс гэзэг сайтай, гунхсан өндөр нуруутай, "сайн үүлдрийн байдас" шиг дүүхэлзсэн бүсгүй байжээ. Тиймээс л хотын төвийн атаманууд бие биеэс өрсөн, түүнийг эргүүлэх гэж ороо нь орсон бух мэт, Цэдэндоржийн цонхны дор хэд хоног хөшилдсөн юм байх. Шөнөжин хоорондоо зодолдож нэгийгээ үзэлцэж, нэхийгээ хуулалцах шиг болж. 9-р анги хүртлээ Архангайн арван жилд сурч, хотод ирээд удаагүй байсан Дашнямын хувьд энэ замбараагүй байдал ёстой ойлгомжгүй, санаанд нь багтамгүй хачин явдал санагджээ. Хотын залуусын тэрхүү арсалдаан, хүүхний төлөөх өрсөлдөөн аймаар санагдсанаас хэдэн шөнө нойргүй шахам байсаар, сүүлдээ ихэд ядарсан гэдэг. Дашням, Гүндэгмаа нар гэрээсээ чөлөөтэй орж гарч чадахгүй хэсэгтээ хэцүүхэн цаг үеийг туулжээ. Хоёр ч удаа атамануудад баригдаж зодуулах шахсан Дашням "Энэ Гүндэгмаа эгч чинь тэгж ярих юм бол, Цэдэндорж яруу найрагчийн эхнэр, гэрийнх нь хүн шүү" гэж нус нулимстайгаа холилдон байж тайлбарласны эцэст байдлыг жаахан намжаасан гэдэг юм. Мэдээж сэргийлэхийн нөхөд ч дуудлагаар очиж, дүрсгүй залуусыг журамласан биз. Гэхдээ сэргийлэх орцонд нь өдөр бүр жижүүрлэх биш, өнөөх ойлгомжгүй байдал мэр сэр гарсаар байлаа "Өөрийнх нь хүсэлт ёсоор Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явуулалгүй, Лингвистийн дээд сургуульд илгээсэн" гэж Зохиолчдын хороондоо ихэд гоморхох болсон Цэдэндорж, хичээлдээ явахгүй байсаар, Дашдооровтой хамт Москвагаас бүр мөсөн буцаж ирсний дараа л атамануудын тус арсалдаан, хүүхний төлөөх өрсөлдөөн нэг юм намжсан гэдэг. Горькийн Утга зохиолын сургуулийн дээд курсийг төгсгөлгүй ирсэн Дашдооровын асуудал бол Халимагийн зохиолч Давид Кугильтиновыг алгадсан хэрэгтэй холбоотой байсан. Хэнээс ч юм 1930-аад онуудад Давид Кугильтинов Монголд ногоон малгайтны нэг явсан гэж сонссон нь тийнхүү алгадах шалтгаан болсон байдаг. Гудамжны нөхдийн аюул занал ийнхүү үгүй болж, Дашням хүү хичээл сургуульдаа шамдаж эхэлж. Хөдөөгийн сургуульд хэрэндээ сайн сурч байсан түүнийг Хуушаан ах нь дуудаж, Улаанбаатарын тэргүүний 1-р сургуулийн төгсөх ангид оруулсан нь тэр. Ахынхаа араас, Зөвлөлт явах сонирхолтой түүнд орос хэл нэн тэргүүний зорилт нь байлаа. Ангийнх нь нэгэн хүү түүнд энэ тал дээр их тус болсон гэдэг. Тэр нь хэн байсан гээч, ард түмний дунд хожмоо "уран сайханч Төмөр" гэж алдаршсан Хурлатын Төмөр байлаа. Цагаан цэргийн офицерын охин орос ээжтэй, монгол аавтай түүний орос хэл, унаган байлгүй яах билээ. Монголчуудыг бодвол чөлөөтэй зан авир, биеэ авч явах хэв маяг нь ч оросжуу хүүхэд байжээ. Ангидаа зуун хувь монголоор ярьдаг хэр нь, гудамжинд зуун хувь оросоор ярьдаг түүнийг, ойр тойрныхон нь Тимур гэж дуудна. Дашням, нэг мэдэхэд найзынхаа мөнөөх гудамжны 100 хувийн орос хэлний ертөнц рүү умбан орсон байв. Архангай аймгийн дунд сургуулийн орос хэлний залуухан багш, унаган орос хэлтэй хотын найз хоёрын хэлний мэдлэгийн цар хүрээ мэдээж ялгаатай байлгүй яахав. Ангидаа хичээлээр заалгах, амьдрал дээр нөхрөөсөө суралцах гэдэг төө илүү ялгаатайг сайтар ойлгосон өдрүүд байжээ. Харьцааны асуудал, дуулж хөгжимдөх, охидыг хүндлэх, бүжиглэх эв дүй зэргийг тэр, ангийн анд Төмөрөөсөө тусган авч, даган дуурайж өнгөрүүлсэн нэг жил түүний хувьд, цаашдын амьдралд нь нөлөөлөхүйц өдрүүд байсан гэдэг. Төмөр тоонд жаахан тааруу байсныг Дашням ажиглаж, түүнд туслан хэлж ойлгуулна. Чадах чадахаараа л тусалж байжээ. Тэд хамтдаа орос дуу сурч дуулна. Үдэшлэгийн үеэр охидоо уралдан урьж бүжиглэцгээнэ. Орос ном ээлжлэн уншиж солилцоно. Нэг мэдэхэд Дашням анги төгсгөх хаврын орос хэлний шалгалтдаа, санаа зовохгүй хэмжээнд очсон байв. Түүнд Архангайн арван жилийн суурь мэдлэг байсан нь ойлгомжтой. Ямар ч байсан ангидаа л толгой цохисон, орос хэлтэн байсан юм билээ. Хоёр найз ингэж бие биеийг хурцлан суралцсаар уралдаант шалгалтад орж хоёул ЗХУ-д суралцах эрхийг авсан байлаа. Бөөн баяр байлгүй яах билээ. Дашням Москвагийн Олон улсын Харилцааны дээд сургууль (МГИМО)-д суралцах болсон бол, Төмөр өөр хотод инженерийн мэргэжлээр суралцах хувиар авчээ. Инженерийн мэргэжил өөрт нь биш, эхэд нь таалагдсангүй. Тиймээс нэг жил хойш явалгүй гэртээ өнжсөн нь найз Дашнямтайгаа хамт түүний элсэн орсон Олон улсын Харилцааны дээд сургуульд хамт сурахаар шийдсэн нь тэр байв. Дараа жил нь 1962 онд тэр найзынхаа араас Москваг зорьсон юм. Москвагийн Олон улсын Харилцааны дээд сургууль гэдэг бол бөмбөрцгийн орон орны залуусын хүсэн тэмүүлдэг сургууль. Ямар ч байсан тэд нэг сургуульд нэг курсийн дээр дор сурч байлаа. Оюутны завгүй өдрүүд, фашистуудад бөмбөгдүүлсэн Москва хотын нэгээхэн хэсгийн бүтээн босголтын тоос шороон дунд өнгөрч байв. Оюутнууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд тэрхүү бүтээн босголтод гар бие оролцож байжээ. Дуу хөгжимгүй оюутан нас гэж юу байхав. Бүгд л Москвагийн ретро, твист ертөнц рүү шимтэн хошуурч, рок-н-ролл бүжгийн хөдөлгөөн заалгаж өдрийг уйдах завгүй өнгөрүүлнэ. Тэгтэл тус сургуулийн унгар оюутнууд цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулчхаж. Энд тэнд тоглоод нэрд гарч. Алив юмнаас хоцрох дургүй монгол залуус, "Тэднээс юу гэж дутдаг юм" хэмээн хамтлаг байгуулах хэлцэлд санал нэгджээ. Унгарууд дээд зэргийн хөгжимлөг ард түмэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Дэлхийн I дайны өмнө Парисын төвийн ресторануудад унгар хөгжимчид голлодог байсан гэдэг. Дуу хөгжмийн соёлын тийм өргөн дэлгэр уламжлалтай хүмүүсийн үр садыг дуурайж хамтлаг байгуулах хүсэлд автсан манай залуусын буруу гэж юу байхав. Унгарчууд хөгжмийн уламжлал сайтай, амьдрал ахуйгаа хөгжимгүйгээр ер төсөөлж чадахгүй болчихсон улс. Тэд хар багаасаа дэлхийн сонгодгууд болох Бах, Бетховен, Моцарт сонсоод сурчихсан, "Битлз", "Роллинг стоунз"-ын пянз гэрт нь үргэлж дуугарч байдаг, 1960 онд байгуулагдсан бит групп "Illes", 1962 онд байгуулагдсан "Омега" хамтлагаа шүтэн биширдэг, "Radio Luxemburg"-ээс барууны хөгжмийн хөтөлбөр байнга сонсдог тийм л хүмүүс. Ийм л хөгжмийн соёлд нэвтэрсэн унгар залуустай, манайхан барьцаад л хамтлаг байгуулсан нь тэр. Хуучны соц орнууд дотроос Унгар бол рок хөгжим, эстрад урлагаар яах аргагүй манлайлж, нэгдүгээр байранд явсныг манайхан сайн мэднэ. Тэдний дараа бусад нь жагсдаг байсан. Унгарын рок хөгжим монголчуудад маш ихээр нөлөөлсөн. Москвагийн монгол оюутнуудад ч унгарууд нөлөөлж байж, гитар атгуулж, бөмбөр нүдүүлсэн байх юм. Харин тэр цагийн Зөвлөлтийн эстрадын дуучдын хувьд Эдита Пьеха, Майя Кристалинская, Рашид Бейбутов, Людмила Гурченко, Георг Отс, Ирина Бржевская, Тамара Миансарова нар ноёлж байсан үе.
Хамтлаг болно гэж ярьснаас хойш нойр нь хүрэхгүй болсон тэд, хэн хэн нь ямар хөгжим тоглох тухай хэлэлцсэний эцэст Дашням бөмбөр, Ринчинхорлоогийн Даваадэмбэрэл, Намсрайдоржийн Батсуурь хоёр гитар, Тэрбишийн Чимиддорж төгөлдөр хуур тус тус тоглох үүргийг хүлээв. Төмөр мэдээж гоцлон дуулна. Тэр үеийн Зөвлөлтийн эстрадын том од Владимир Трошин шиг өргөн дэлгэр, хүчтэй хоолой Төмөрт байсангүй. Тиймээс залуусын шохоорхдог твист, рок-н-ролл, ретро маягийн хөдөлгөөнтэй, хөгжилтэй дууг голдуу дуулах болсон нь, өөрийн бага зэргийн доголон байдлаа, бүжгийн хөдөлгөөнөөр нуух гэсэн оролдлого байсныг, хамгийн ойрын нөхөд нь л мэддэг байлаа. Манай залууст өөрсдийн гэсэн хөгжмийн зэмсэг байсангүй. Ганц хоёр банзан гитараар хаа холдох билээ. Толгойгоо ажиллуулж, ойролцоох шөнийн клубийн хөгжим аппаратур дээр, багахан мөнгө төлж бэлтгэл хийдэг болов. Гэвч шөнө дунд л тэдний ажил эхэлдэг болохоор, өдрийн цагаар онгорхой клуб тэр бүр олдохгүй. Зарим тохиолдолд хувьдаа жижиг яригч, гитартай, бөмбөрийн зэмсэгтэй барууны оюутнуудаас гуйж, ганц хоёр цаг дуугаргаж сургууль хийнэ. Мэдээж хичээлийн бус чөлөөт цагаар шөнө орой болтол бэлдэнэ. Болохоосоо болохгүй нь их. Гэвч ухрах зам тэдэнд байхгүй. Зарим нөхөд нь замаасаа буцаж шантрах маягтай болуут Төмөр, тэднийг зоригжуулан, "Нөхдөө, ард маань Улаанбаатар байгаа шүү. Зоригтой, урагшаа..." гэж тоглоомоор ч болов урам өгч, сэтгэл санааг нь дэмждэг байв.
Тэдний анхны тоглолт Улс тунхагласны баярын (оюутнуудын нэрлэснээр Халхын баяр) орой Москва дахь БНМАУ-ын Элчин сайдын яамны төв байранд хийгджээ. Өөрийн гэсэн дуудах, зарлагдах нэртэй байх хэрэгтэй хэмээн залуус зөвлөлдсөний эцэст, "Хургачин" хэмээх инээдтэй нэрийг хамтлагтаа хайрлав. Хөгжимчний хувьд тэд өөрсдийгөө эхлэн суралцагсад гэсэн далд утгыг "Хургачин" нэрдээ багтаасан нь тэр. Айхтар далд санаа шүү. "Хургачин" маань хэзээ өсөж томроод, "Хоньчин" болох байсан юм бол. Залуучуудын ордон, Барилгачдын ордон, Төмөр замын соёлын ордон, "Улаанбаатар" ресторан зэрэг хэдхэн газар дагшаа хөгжмийн цөөхүүл тоглож байсан тэр үед, Москвад сурч байсан монгол залуус гитарын бит хамтлаг хэдийнээ байгуулчихсан, бүр "Хургачин" хэмээх нэр өгчихсөн ийнхүү тоглож байжээ. Энэ бол 1965 он. Монголын Радио Телевизийн улсын хорооны дэргэд цахилгаан хөгжмийн чуулга байгуулагдахад бүхэл бүтэн гурван жил дутуу, Ардын дуу бүжгийн чуулгын дэргэд "Соёл-Эрдэнэ" хамтлаг байгуулагдахыг харна гэвэл дахиад 5 жил хүлээх хэрэгтэй байлаа.
Элвис Пресли (Elvis Presley), Чак Бэрри (Chuck Berry), Литл Ричардийн (Little Richard) бүжгийн хэмнэлт галзуу рок-н-ролл, Энгельберт Хампердинк (Engelbert Humperdinck), Том Жонс (Tom Jones) нарын дуулсан хүүхнүүдийг галзууруулах шахсан хайрын зөөлөн баллад, Клифф Ричардын (Cliff Richard) төгс уянгалаг дуунууд, Битлзийн баяр баясгалант бит хэмнэл, "Роллинг стоунз"-ийн америк маягийн чөлөөт, ритм энд блюз тоглолтод бүрэн автчихсан дэлхий даяарын сая сая залуу, хөнгөн хөгжмөөр өвчилсөн үе бол яах аргагүй 1960-аад он. Онцлог нь манай "Хургачин" хамтлагт ганц ч монгол дуу байсангүй. Тамара Миансаровагийн "Хар муур" (Черный кот) гэдэг твист хэмнэлтэй дуунаас эхлээд, хэн бүхний мэддэг рок-н-ролл дуунуудыг голлон дуулна. Төмөр тааруухан хөгжимч нөхдөө бусдын нүднээс цээжээрээ хаан өмнө нь дуулж бүжиглэн бүх анхаарлыг өөр дээрээ авч, гол ачааллыг нь үүрдэг байжээ.
Чимиддорж тайзнаа бараг гарахгүй, хөшигний ард төгөлдөр хуураа тоглоно. Хөгжимчид өөрсдийгөө баахан голох ч, Төмөр өмнө нь гараад дуулж эхлэхэд, "Дэм дэмэн дээ, дээс эрчин дээ" гэдэг юм болоод явчихна. Гайгүй тоглоод, гайгүй дуулаад байх шиг санагдана. Тэдний хамгийн оргил үед, гарамгай дуулж хөгжимддөг шилдэг бүтээл нь, "Хар муур" (Черный кот) дуу байжээ. Төмөр ч энэ дуугаа чөлөөтэй бүжиглэж, өөртөө итгэлтэйгээр, донжтой нь аргагүй сайн дуулдаг байв. Энэ дууг дуулаад эхлэхэд ямар ч хүн суудлаасаа босоод шууд бүжиглэдэг байлаа. Хамтлаг дотроо Төмөр, Дашням хоёр тэрүүхэндээ амь нэг байсан нь арван жилийн нэг ангийг төгсгөсөн учраас тэр.
Дуучинд асуудал байсангүй, хөгжимчдөд харин бага сага бэрхшээл байлаа. Энэ нь аргагүй юм. Тэдэнд монголд байхад нь энэ тэр гээд дуурайх хамтлаг дуучин байсангүй. Москвад л цахилгаан гитар, бөмбөр дээр гар тавьсан улс. Гэвч бие биеийнхээ дэмээр бэлтгэл сургуулийг хөлс дусаан хийсээр ямар ч байсан Монгол хэмээн дуудуулж олны өмнө гарсаар байв. Гадаад оюутны урлагийн үзлэг гэж "цусгүй тулаан", өршөөлгүй өрсөлдөөн болдог байсныг, тэр үеийн оюутнууд мэднэ. Би өөрөө 1970-аад онуудад Ленинградын ЛИСИ-д сурч байхдаа урлагийн үзлэгийн хүрээнд өрсөлдөөн ямархан чанга байсныг мэднэ. Жинхэнээрээ юу чаддаг, яаж дуулж хөгжимддөг гэдгээрээ өрсөлддөг байсан юм. Монголын "Хургачин" хамтлагийн нүүр царай нь Хурлатын Төмөр байсан нь ойлгомжтой. Дуучнаас хамтлагийн амжилт хамаарна. Тэд сургуульдаа болоод Москвагийн оюутны дунд хөөрхөн нэртэй болсон нь гоцлол дуучинтай нь холбоотой байв. Манай Элчин сайдын яамныхан аль байдгаараа тэднийг дэмжиж, баяр ёслол болгоноор урьж тоглуулдаг болжээ. Ингэж "Хургачин" хамтлагийнхан сурахын хажуугаар урлаг уран сайхан, дуу хөгжимд өдөр хоногуудаа зориулсан түүхтэй. Энэ утгаар "Хургачин" хамтлаг нь 1960-аад оны Москвагийн тэнгэр дор твист бүжиглэж, рок-н-ролл дуулж, ретро аккорд авч байснаараа Монголын орчин цагийн хөгжмийн намтар түүхэнд, бичигдэх гавьяат үйлстэнгүүд шүү.
Ер нь бол Москвагийн Олон улсын Харилцааны дээд сургуулийг төгсгөсөн залуус Монголынхоо уламжлалт соёл, ардын урлагт хүндэтгэлтэй хандахаас гадна, шинэ үеийн хөнгөн хөгжмийн соёлыг монголд дэлгэрүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан олон жишээ бий. Тус сургуульд 1965 оноос сурч эхэлсэн Жалбуугийн Чойнхорт дадлагын ажлаа АНУ-д хийх боломж гарсан нь ёстой тунчиг азтай явдал байлаа. 1968-1969 онд нэг жилийн хугацаанд тэр, Нью-Йорк дахь НҮБ-ийн дэргэд суух, Монгол улсын Байнгын Төлөөлөгчийн газарт жижүүр-орчуулагчаар ажиллажээ. Алтан Москвагаас алсын Америк. Соёлын ялгаа, хүн болоод нийгмийн харьцааг сайтар мэдэрсэн жил тэр байлаа. Соронз мэт татах рок хөгжимд бусдын адил зүрх сэтгэлээ өгсөн Чойнхор хоолны мөнгөнөөсөө сар бүр илүүчилж байгаад жинхэнэ фирмийн цахилгаан гитар худалдаж авсан нь Америкаас авсан Монголын анхны мэргэжлийн гитар гэж түүхэнд тэмдэглэгдэх учиртай. Харин энэ гитарын цаашдын хувь заяа тийм ч тодорхой бус. Чойнхор Америкаас ирээд бас нэг жил сургуульд сурч байгаад төгссөн. Ахиад олоод авчихна гэж бодоод амьдралын шаардлагаар хөөрхөн үнэ хүргээд оросуудад зарчихсан байж болох л юм. Оюутны амьдрал ороо бусгаа. Сургуулиа т өгсгөж ирээд Гадаад яаманд референт, атташе, хэлтсийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1972 оноос Женев дэх НҮБ-ийн салбар байгууллагын дэргэдэх Монголын байнгын төлөөлөгчийн газарт үр бүтээлтэй ажиллаж байсан юм. Дараа нь Гадаад явдлын яамны дэд сайд хийж байснаас гадна, 1995-2003 онуудад АНУ-д суух Монголын улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар машид үр бүтээлтэй, асар их ач холбогдолтойгоор ажилласан юм. Монгол улсын нэр хүндийг, гадаад орчинд тэр дундаа Америкийн үе үеийн Ерөнхийлөгч, Төрийн байгууламж, засаг захиргааны хэмжээнд өндөрт өргөж явсан нэртэй дипломатч, Монгол улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Чойнхор гуайн нэр олон улсын дипломатын түүхэнд тод үсгээр онцлон бичигдэн үлджээ. Бидний рок ертөнцийнхөнд тэр, америкт үйлдвэрлэсэн орги гитарыг анх өөрийн болгосон, монгол хүн гэдгээрээ нэрээ мөнхөлсөн хүн. Түүний зохиосон нэг дууг "Хургачин" хамтлаг дуулж хөгжимдөж байсныг Дашням гуай дурсаж байсан юм. “Чингис хаан” хамтлаг 2000 оны шинэ жилээр Потомик голын хөндийд байдаг сайдын ордонд зочилж Май эгчийнхээ гарын хоолоор дайлуулж байснаа мартахгүй ээ. Чойнхор гуай ном зохиол олонтойгоос гадна хэдэн сайхан дууны шүлэг бичсэн хүн дээ.
1991-1995 онуудад АНУ-д Монгол улсын Элчин сайдаар ажиллаж байсан Лувсандоржийн Даваагив ч Москвагийн Олон улсын Харилцааны дээд сургуулийг төгсгөсөн, залуу насандаа цахилгаан хөгжим сонирхон, тоглож байсан хүн. Тэр оюутан байхдаа оросоос орган авчирсан гэдэг яриаг бүр эрт сонсож байлаа. Өвөрхангайн Уянга сумын уугуул тэрээр, Москвад 1960-аад онуудад Эрдэнэчулуун, Чойнхор, С.Майжаргал нартай урлаг уран сайханд зүтгэж явсан юм. Даваагив гуай сүүлд Монголын Шинжлэх ухааны академийн Гадаад харилцаа хамтын ажиллагааг хариуцан ажиллаж байсан санагдана. 1970-аад онуудад Улаанбаатарт байх яамдаас ганц Гадаад явдлын яам бүтэн ком цахилгаан хөгжмийн зэмсэгтэй, хажуудаа сайн дурын хамтлагтай байсан юм даг. Түүн дээр нь манай Б.Цолмон, Н.Энхбаяр, Г.Жаргалсайхан, Д.Болд нар тоглож баярыг нь хуваалцаж явсныг мэдэх юм. АНУ-д Монгол улсын Элчин сайдаар ажиллаж байсан Лувсандоржийн Даваагив, Жалбуугийн Чойнхор нарыг 2004 онд Рональд Рейгиний одонгоор шагнасан нь Америкийн төрийн гадаад бодлого, хоёр улсын хамтын ажиллагаанд багагүй хувь нэмэр оруулсныг хөхүүлсэн хэрэг байлаа. Сэдвээс жаахан хазайжээ.
"Хургачин" хамтлагийн дуучин Х.Төмөрийн Москвагийн бужигнаантай амьдрал нь нэг мэдэхэд түүний хувь заяаг алга хөрвүүлэхийн хооронд өөрчилж орхисон юм. Тун харамсалтай. Хорьж болохгүй хорин нас гэдэг шиг, яаж ч болохгүй ялгуун сайхан залуу насны асуудал тэр байжээ. Орос эхтэй түүнд, хэлний хүндрэл байсангүй. Орос бүсгүйчүүдтэй шууд яриад, танилцаж нөхөрлөөд явчихдаг байжээ. Том жижиг асуудалд нэг биш удаа орооцолдож, хэд хэдэн удаагийн донго сургуулийн захиргаанаас авчихсан байв. Дээрээс нь оюутны байрны комендантаас хатуу сануулга хүртчихсэн байдаг. Гэвч тэр аль алиныг нь тоосонгүй, засрах тухайгаа ч ер бодсонгүй. Залуу насны алдаа, зааглаж болохгүй омог бардам өдрүүд нь, амьдралыг нь нэгэнт өөрчилж байгааг тэр анзаарсангүй. Хатуу сануулга, удаа дараагийн донго гэдэг бол ямархан хэцүү, түгшүүртэй байдлыг бий болгодгийг тэр үеийн оюутан бүгд мэднэ. Тэр жилийн зуны амралтаа Төмөр яагаад ч юм нутаг буцалгүй, Москвад өнгөрүүлжээ. Энэ үедээ хэсэг нөхөдтэй наргиж суухдаа онгорхой цонхоор шидсэн сандал нь, дор явж байсан хүнийг хөнгөхөн гэмтээснээс болж, дотуур байрнаасаа хөөгдөх дээрээ тулаад байв. Оюутны зөвлөл хийдэг найз Дашням нь намар Улаанбаатараас ирж байж, "Та нар сургуулиас хөөгдөөгүй байгаа хүнийг дотуур байрнаас хөөнө гэж юу яриад байна. Энэ хүн тэгээд гудамжинд хонох болж байна уу?" хэмээн хэл ам хийсээр байж нөхрөө нэг удаа хүнд байдлаас аварсан гэдэг. Ийм байдлаар Х.Төмөр хүний үг авахгүй явсаар нэг мэдэхэд сургуулиасаа хөөгдөв. Дэлхийн II дайнд хоёр хүү, нөхрөө алдсан, оюутны дотуур байрны жижүүр эмэгтэйг хэл амаар доромжилсон хэрэгт орсон байв. Дайны баатруудынхаа ар гэрийг, юу юунаас илүү харж хамгаалдаг, Зөвлөлт байгууламж түүний шалихгүй мэт энэ хэргийг өндөр авхуулчихжээ. Өршөөл үзүүлсэнгүй, сургуулиас хөөсөн нь тэр. Төмөрийн нутагтаа ирээд яасан талаар тусад нь өгүүлэх болохоор энэ сэдвийг ингээд хаая. Олон улсын эдийн засагч мэргэжлээр сургуулиа амжилттай төгсгөж ирсэн Дашням хуваарилсан газруудад очиж хариуцлагатай ажлыг сайн хийж, монголын нийгэм дэх өөрийн амьдралаа идэвхтэйгээр эхлүүлсэн юм. Хамгийн эхлээд мэргэжлийн дагуу Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны мэргэжилтэн боллоо. Улс эх орны хөгжил дэвшилд, гадаад улс орнуудтай харилцах харьцаанд юун түрүүнд анхаарах хэрэгтэйг бүгд ухаарсан үе. Ухаарах нэг хэрэг, улс орнуудын мэргэжилтнүүдтэй угтан уулзаж, ажил бүтээх үйл хэргийн бодлогыг улам дэлгэрүүлэх, үр ашигтай түвшинд аваачих хэрэгтэй байв. Үүний төлөө тэр амьдралынхаа цөөн бус жилийг зориулсан юм. Түүний төгсгөсөн Москва хотын Олон улсын Харилцааны дээд сургууль (МГИМО) бол дэлхийд алдартай, хүн болгоны сонирхлыг татсан, эрдэм мэдлэгийн ордон болохоор Дашнямд муу ажиллах, дундаж маягаар "саарал" амьдрах эрх байсангүй. Үлгэрлэх ёстой байлаа. Үеийнхнээ манлайлах, үзэл санааны хувьд шинэ "цэнгэг агаар", хүсэл эрмэлзлийнх нь том түшиг байх ёстой болов. Москвагийн соёл, олон улсын харилцааны сургуулийн онцлог орчин, хатуу дэг журам, оюун мэдлэгийн тэрхүү их ундаргаас халбагадсан зэрэг нь харин үндэсний бүхнээ дээдлэх хандлагыг нь өөрчилж чадаагүй юм. Тийм ч учраас тэр анхнаасаа ахмад үе, урлаг соёлын сэхээтнүүддээ машид хүндэтгэлтэй ханддаг байв. Ахын өгсөн захиа даалгавар алдаж гишгэх эрх олгохгүй. Ахынхаа буянаар тэр цагийн томоохон зохиолч, яруу найрагч, найруулагч, орчуулагч нартай танил болж, өөрөө ч анхныхаа уран бүтээлийн шанг татаж амжжээ. Хуушаан ахынхаа үгнээс хэзээ ч гарч үзээгүй Дашням, насан туршдаа ахынхаа хамгийн сайн дүү нь байж чадсан юм. Ахыгаа ингэж дээдэлснээр, ахмад настнууд, уран бүтээлчдээ хүндлэх, мэндлэх, тулж түших сэтгэлтэй болж төлөвшжээ.
Улсын хэвлэлийн газарт орчуулгын редактораар ажиллаж байхдаа Дашням, алдарт "хар малгай" Жамбалтай гэмгүй ах дүүс явсан гэдэг. Тэдний орчуулгын товчоогоор тэр байнга ирдэг, гэрээ хэлцэл хийгээд орчуулах ном аваад явдаг. Орчуулсан номоо авчирч өгч хянуулаад, мөнгө төгрөгөө бодуулж авдаг байж. Дашням, "хар малгай" хэмээх энэ эрхэмд, машид хүндэтгэлтэй ханддаг, мэдэхгүйгээ нэрэлхэлгүй асууж, мэддэгээ санаа зоволгүй хуваалцдаг байжээ. Тэр бүү хэл "хар малгай" сүүлчийн удаа, Сөгнөгөрийн амралтад амрахаар явахад нь түүнд хань болж, "дөрөө харшуулсан" удаатай. Сөгнөгөрийн амралтад очсон Жамбал гэрлийн хурдаар санаачилгыг гартаа авч, Амрагчдын зөвлөлийн дарга болсон нь цаанаа учир жанцантай байлаа. Шинэ амрагчдын дунд байх Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйн цэцэрлэгийн багш хүүхэн, түүнд маш их таалагдсан учраас анхнаасаа бүх санаачилгыг гартаа оруулах үүднээс, Амрагчдын зөвлөлийн дарга болохыг зөвшөөрсөн хэрэг байв. Зөвлөлийн дарга бол амрагчдын дунд явуулдаг соёл олон түмний бүхий л арга хэмжээнд хүмүүсийг идэвхтэй хамруулах, өөрөө үлгэрлэн оролцох, уралдаан тэмцээнийг үнэн шударга шүүхэд хяналт тавих үүрэгтэй байлаа. Нийгмийн идэвхтэй, хариуцлагатай хүний л хийх ажил. Дашням, ахынхаа хүссэнээр Амрагчдын зөвлөлийн дэд дарга болох нь тэр. Мөн түүний даалгавраар цэцэрлэгийн багш хүүхнийг, Амрагчдын зөвлөлд "уруу татаж" дөнгөжээ. Бүх зүйл ах дүү хоёрын тооцоолсноор болж байлаа. Шаариг цохихдоо хэнээс ч гарамгай "хар малгай" ердөө маргааш нь бильярдаар аварга болж, тэр үдэш нь зохион байгуулсан, нийтийн бүжгийн тэмцээнд түрүүлж орхив. Ахынх нь энэ бүх ялалт амжилт, мөнөөх цэцэрлэгийн багш хүүхний зүрх сэтгэлийг нь бүрэн эзэмдэх л зорилготой байсныг, дэд дарга дүү нь л сайн мэдэж байв. Энэ бүхэнд хар малгайт ахынхаа найдвартай "ар тал" Дашнямын үүрэг оролцоо их байсныг амрагчид төдийлөн анзаарсангүй. Ингэж хөдөө талын үзэсгэлэнт бүсгүйн зүрх сэтгэлийг соёл спорт, бүжиг, дуу хөгжмөөр буулган авч, бултах ямар ч найдваргүйгээр эзэмдсэн байдаг. Мэдээж амрагчид дотор толгой сэргэлэн залуус олон. Тэд ч цэцэрлэгийн багшийг шохоорхон харц чулуудах ч Амрагчдын зөвлөлийн дарга хэнд нь ч түүнд ойртох боломж өгөхгүй, хашиж хайрч явсаар өөрийн болгон авсныг Дашням гуай толгой сэгсрэн хуучилсан удаатай. Тэртээ тэргүй олон жилийн нас үгүй гэдгийг мэдэрсэн шиг загнаж байсан хар малгай ахыгаа Дашням сайн ойлгож бүх талаар түүнд нэмэр болох гэж, тус үзүүлэх гэж гүйн явжээ. Автобусаар Сөгнөгөрт очсон хоёр, ингэж гурвуул болоод Улаанбаатарт ирэв. Жамбал хотод хэд хонохдоо, цэцэрлэгийн багш хүүхнээ өөрөөсөө алхам ч холдуулсангүй, ааш авирыг нь мэдэх болсон Дашнямыг ажлын бус цагаар дуудаж, хамтдаа цагийг өнгөрүүлж байв. Энэ нь түүний залуугаасаа ах нартаа үнэнч байж ирсэн, нөхөрлөлдөө хатуу зогсож, бусдад тус болж, хань бараа болж явсныг нь гэрчлэх юм. Жамбал ах нь хамгийн сүүлд Дашням дүүгээрээ, яруу найрагч Ш.Сүрэнжавынд хүргүүлжээ. Тэднийд хоноод маргааш нь шинэхэн танилцсан, цэцэрлэгийн багшаа дагуулан, Дундговийн Адаацаг сум руугаа одсон байдаг. Харамсалтай нь ах дүү хоёрт дахиж уулзалдах хувь байсангүй. Хурлатын Төмөрийг дуучны хувьд "эх барьсан" Москвагийн оюутны "Хургачин" хамтлагийн тухай өгүүлэхэд ийм байна. Төмөр, Хангал хоёр уулзаад л "Аяны шувууд"-ыг хөх мөнгөн тэнгэрт, "нисгэчихсэн" гэж ойлгож болохгүй. Төмөрийн дуулах авьяас, ур чадварын үндсийг, "Хургачин" хамтлаг тавьсан юм. Тэр хэдийнээ олны өмнө дуулж бүжиглээд сурчихсан байхдаа З.Хангал, О.Бэгз нартай танилцаж нөхөрлөсний эцэст 1968 оны намар, "Хайрын хишиг" (З.Хангал-Н.Очирбат), "Шинэ оны уянга" (З.Хангал-Д.Дашдондог), "Аяны шувууд" (З.Хангал-Д.Дашдондог), "Сарнай цэцэг" (З.Хангал-Ш.Шажинбат), "Нарт тэнгэрийн дор" (З.Хангал-Ж.Ёндонсамбуу), "Үдэлтийн дуу" (О.Бэгз-Ш.Шажинбат), "Бидний дуулах дуртай дуу" (О.Бэгз-Ш.Шажинбат) зэрэг дууг дуулж, Монголын Радиод бичүүлснээр хөнгөн хөгжмийн түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Хурлатын Төмөрийг дуучин болгож төлөвшүүлсэн, "Хургачин" хамтлагийг Ардын багш Лувсандамбын Дашням байгуулалцсан гэж бодохоор, эрхэм мэргэн ахаараа бахархахгүй байхын аргагүй ээ. Ерөөсөө ингэхэд оюутан, сурагч ахуйдаа байгуулсан хамтлаг нь дэлхийд нэрд гарсан тохиолдлыг тооцвол уртын урт дараалал болно доо. Оюутан цаг минь насны баясгалан...©Чингис Жагаа
Д.Жаргалсайхан "Монголын Рок нууц товчоо" /МРНТ/ номоос
2025.10.06
