Р.Чойном • Шартсан өглөөний шүлэг

Зүүн тийш цонхоор нэгэн харвал 
Зүрх шиг уулын дээр цус шиг улаан туяа 
Зүдэг шөнийн төгсгөлийг тоглох субконтор октавын ля өнгө
Зүдүүртэй шартсан сэтгэлийн минь харанхуй гүн рүү дуурслаа. 

Шил архи дундаасаа дээш баяр баясгалан байдаг.
Шинэхэн амраг бэлхүүснээсээ доош баяр баясгалан байдаг.
Архичин хүний бие өглөө нь сөнөсөн галт уул шиг юм аа
Аль эртний эрүүл саруул баяр хөөр тэртээ дээр утаа шиг сарнина.

Архаг хатуу шарталтанд мэдрэлийн тогоо улайсч 
Аль нь би, аль би бишийг ухаарч ядан гайхна.
Тэртээ засмалаар яваа цагаан туфльтэй бүсгүйн 
Тэнхлүүн биений нэгэн хагас нь миний бие бололтой. 

Ухаан эрүүл байхын инээд дур тачаал минь 
Урьд шөнө өөр дарсанд шартчихаад өцийсхийн явах шиг 
Гудамжаар хурдлах тэрэгний найман цилиндрт мотор 
Гурван давхар барилгын цонх тээр тэндэх хогийн сав 

Тэнгэрт ганцаар нисэх шувуу намар цагийн үүлэн сүүдэр 
Тэр бүхэн цөмөөрөө миний бие эрхтэн шиг санагдаад 
Харин энэ хөл, гар, гэдэс дотор маань 
Хаанахын хэний юм бэ, бүү мэд.

Алдар, мөнгө хоёртоо дайсан болох гэж 
Атаат дайсандаа зууш нь болох гэж 
Архичин болж нүдий нь боосон муур шиг аашлах нь 
Амьдын жаргал ажээ --- бурхан тэгш заяаж

Бодол санаан дотор радиогийн богино долгион шиг 
Болох болохгүй бүхэн үймж сэтгэл зүрх шуугин байна. 
Техникийг хүн боолчилж чаддаг агаад бурханд өөрөө боол нь болжээ. 
Тэвчээрийг хүн давж ч чадсангүй, дагаж ч чадсангүй хөсөр гээжээ.

Үл мэдэхийн учир хүн гэдэг амьтан алдаа алдах нь ховор 
Үл хайхрахын учир үл дагахын учир алдан өөрийгөө ч алдмой.
Өөрийгөө хөнөөх хамгийн харгис нэхэл хатуу дайсан бол
Өөрөө мөн хүн өөрөө өөрийгөө ална.

Харин хурахын цагт нөхөд туслахаас өөрөө өөртөө тусалж үл чадмуу.
Хамгийн эцэст үхэхийн цагт хүн уйлахаас өөрөө уйлж үл чадмуу.

Өмдөө шувтлаад үхсэн ч хүн хүнийг шоолж инээхгүй 
Харин нохой инээж магадгүй. 
Өөрөө хичнээн өчүүхэн явсан ч
Хүний хүн харуусдаг байна. 

Адгуус биш хүн гэдэг үхэх, төрөх хоёрт мэдэгддэг 
Амьдралын хугацаанд харин дээлтэй мал явах алийг тэр гэх вэ!

Тэртээ уул хичнээн сүрлэг боловч хүнээс өндөр бус
Тэнгэрийн туяа хичнээн хурц боловч хүнээс өнгөлөг бус
Тэхээр хүн өөртөө дайсан байх нэгэн ёс байвч
Тэрүүхэн тэндээ бас өөртөө хаан байх хэрэгтэй. 

Хамаагүй архичин, тэнүүлч, гуйлгачин бай
Ханатлаа жаргаагүй бол ханатлаа зов, дуулж чадахгүй бол уйл
Харин нэгэн гол зүйл гэвэл хүн байхын тулд 
Ханьтай, дайсантай, хайрладаг юмтай, жигшдэг юмтай бай!

1974.10.12
Улаанбаатар